Өнөөдөр 2109 оны 11 сарын 1-ний өдөр. Улаан мод, улаан навч, уйлмаар өглөө, урьд шөнийн зүүд, учиргүй ихээр цээж дүүрэн амьсгалахыг хүссэн миний уушиг. Уйтай утаан дундах амьдралын минь төрх энэ л.
Урьд өмнөх жилүүдийнх шиг шаралсан навчис хөлд минь хөглөрхөө больж дээ. Жилийн дөрвөн улиралд нүцгэн байсан энэ хар мод он цаг эргэж солигддогийг ч мартаа биздээ. Нэг л урамгүй урагш алхах минь одоо өмнөхөөсөө улам ч итгэлгүй, айдастай, зовнилтой бас дарамттай. Эргэн тойрон бүх зүйл өнгө зүсээ алдан гундаж дээ. Хаашаа л харна ууртай, зэвхий даасан царайтай, ам хамраа дарсан, зүрх судасны эмгэгтэй ядарсан хүмүүс л эргэлдэнэ. Мөн эхээс төрөхдөө эрэмдэг зэрэмдэг гажигтай хүүхэд мэндэлнэ. Хүн гэж энэ хорвоод амьдарч, аж жаргалтай байх гэж ирсэн биш харин зовох гэж эх дэлхийд бус тамд дахин төрж байх шиг...
Өнөөдөр 2009 оны 11сарын 1-н. Шаргалтсан өдрийн өнгөнд нарны илч ханьсаад, гудамжаар алхах хүн бүр цээж дүүрэн амьсгална. Амьдрах ямар жаргалтай. Гэвч бид өнөөдрөөс эхлэн байгаль дэлхий хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, амьсгалах цэнгэг агаар тунгалаг устайгаа зуун жилийн дараах өнөөдөртэй золгох хэрэгтэй. Өнөө цагийн улсын нийслэл Улаанбаатарын өнгө төрх, ард иргэд гамшиг харанхуй бүхний ирээдүй рүү аль хэдийн инээмсэглэн алхацгаажээ. Гэхдээ инээхэд учир бий. Их инээсний маргааш гуниг гэдэг яасан үнэн үг вэ. Яагаад залуус бид ч бас ангал руу зоригтой алхах гэж...
Цаг хугацаа явсаар л байна. Яг энэ цаг мөчөөс л эхлэн бид өөрсдөө сүйрэлд хүргэх хүчин зүйлс бүхэнтэй тэмцэх хэрэгтэй. Үүний тулд хамгийн эхэнд та байгалиа яаж хайрлахаас л шалтгаална. Улаанбаатар хот минь улам л өнгөө алдан харанхуйн нарт тэр нэгэн өдөр лүү урагшилсаар...